Дэлхийн шилдэг дизайнтай зургаан барилга

Бүх зүйл хурдацтай хөгжиж буй өнөөдөр барилга байгууламж ч бас маш хурдацтай баригдахын хажуугаар байгаль экологид ээлтэй байдлаар баригдах болсон байна. Өнөө цагт баригдсан шилдэг шийдэл дизайнтай зургаан барилгыг танилцуулъя.

 

HARPA КОНЦЕРТЫН ТАНХИМ, ХУРЛЫН ТӨВ

Рейкьявик, Исланд, Henning Larsen Architects and Batteríið Architects 2011

Уг барилга албан ёсоор нээлтээ хийхээс өмнө энэхүү тансаг байгалийн бүтэцтэй газар Исландын нийслэлийн бүүдгэр нэгэн боомтоор байсан бөгөөд баригдсан даруйдаа орон нутгийн иргэдийг орлоготой болгож, олон өнгийн шилэн гадна талын шийдлээрээ олон орны жуулчдыг татсан билээ. Зураач Олафур Элиассон бүтээсэн болор бүрхүүл нь геометрийн эзлэхүүний нийлмэл бүтцийг гайхалтайгаар дүүргэж өгдөг. Шөнийн цагаар, LED гэрлийн зурвасууд нь голын эрэг орчмыг үзэсгэлэнтэй, гялалзсан туяа болгон хувиргадаг.

 

BURJ KHALIFA

Дубай, Арабын нэгдсэн Эмират улс, Skidmore, Owings & Merrill 2010

Нийт 828 метр өндөртэй энэхүү барилга нь дэлхийд хамгийн өндөр барилга юм. Тэнгэр баганадсан уг барилгын 452 метр хүртэл хүн гарч болно, нийт 164 давхар бөгөөд нэг нь газар доорх давхар юм. Уг барилга нийт 54 цахилгаан шаттай бөгөөд секундэд 10 метр хурдлах чадалтай (Дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат). Мөн энэ барилга нь 2957 машины зогсоолтой ба 304 зочид буудал, 904 орон сууц байрладаг ажээ. Барилгын жуулчдад зориулсан хэсгийн загвар хийцүүд нь маш гоё. Мөн 123, 124-р  давхруудын саруулхан том талбай нь хот харахад тухтай (хот харах талбайн өндөр 505 метр). Хотыг харах талбайн ихэнх нь шилэн фассадтай. Жуулчдад зориулж электрон телескоп байрлуулж өгсөн байдаг.

    Тэнгэр баганадсан энэ барилгын зураг төслийг АНУ-ын Скидморе, Овингс, Меррилл компаниуд гаргасан бөгөөд Өмнөд Солонгосын Самсунг Инженеринг компани барилгыг барьжээ. Ерөнхий архитектураар нь цамхаг барих туршлагатай, Америкийн алдарт уран барилгач Эдриан Смит ажилласан юм. Цамхгийн дотор буудал, орон сууц, оффис, худалдааны төвүүд бий. Төсөл ёсоор доод 37 давхарт буудал, харин 48-108 дугаар давхарт 700 тансаг сууц байхаар төлөвлөгджээ. Ихэнх талбайг оффисын зориулалтаар хийсэн аж.

    Дубай хот нь маш халуун цаг агаартай, зундаа дунджаар +41-50 хэм байдаг болохоор уг барилга энэ халууныг тэсэж чадах ёстой. Барилга нарнаас хамгаалсан гэрэл ойлгогч тусгай нарны хаалттайн дээр энэ нь өрөө тасалгааг хэт халуунаас сэргийлдэг бөгөөд энэ асуудлыг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 300 гаруй мэргэжилтэн шийдэж өгчээ. Мөн барилгын гадна талыг цаг агаарт тэсвэртэй материалаар хийжээ.

GARDENS BY THE BAY

Сингапур, Wilkinson Eyre Architects, Grant Associates 2012

Gardens by the Bay нь Марина усан сантай зэргэлдээ орших Сингапурын төв хэсэгт байдаг 101 га талбай бүхий байгалийн цэцэрлэгт хүрээлэн юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь гурван усан цэцэрлэгээс бүрддэг: Bay South Garden (өмнөд Марина), Bay East Garden (Marina East) болон Bay Central Garden (Downtown Core, Kallang-д). Хамгийн том цэцэрлэг нь Grant Associates-ийн зохион бүтээсэн 54 га талбайд байрлах Bay South Garden юм. Түүний Flower Dome бол дэлхийн хамгийн том шилэн хүлэмж юм.

    Сингапурын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болох энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь 2014 онд 6.4 сая жуулчдыг хүлээн авсан бол 2015 оны 11-р сард хорин сая дахь зочноо хүлээн авсан бөгөөд 2018 онд 50 сая гаруй зочид тус хүрээлэнгээр зочилсон байна.

    Grant Associates-ний энэхүү цэцэрлэгт хүрээлэнд буй зүлэг нь ер бусын гайхамшигтай юм. Зочид нь "Supertrees" -ыг холбосон өндөрлөг агаарын гүүрээр явах боломжтой бөгөөд энэхүү гүүр нь нарны эрчим хүчийг шингээдэг ажээ.

LINKED HYBRID

Бээжин, Steven Holl Architects 2009

Linked Hybrid нь Стивен Холл архитекторуудын боловсруулсан Хятад улсын Бээжин хотод баригдсан барилгын цогцолбор юм. Тус хотхон нь байгалийн эрчим хүчийг ашиглан хөргөх, халаахдаа гео-дулааныг ашиглахаар гайхалтай шийдэлтэй хийгдсэн. Linked Hybrid нь 2009 онд баригдаж дууссан даруйдаа “Best Tall Building Overall Award by the Council on Tall Buildings and Urban Habitat in 2009” зэрэг хэд хэдэн шагнал хүртсэн. Найман  барилга холбон байгуулсан энэхүү хотхон нь 21-р зууны хот төлөвлөлтийн гайхалтай шийдэл юм.  Шилэн ган гүүрүүд нь жижиглэн худалдааны өрөө, кафе зэрэг багтдаг бөгөөд зочдод болон хөршүүдийн хоорондох уулзалтыг бий болгох бас нэг хэсгийг байгуулжээ.

THE SHARD

Лондон, Renzo Piano Building Workshop 2012

2012 оны зуны Олимпын тоглолтын үеэр үзэгчдийн танил болсон энэхүү 72 давхар 422 метр тэнгэр баганадсан барилга нь Баруун Европын хамгийн өндөр нь. Темза мужийн өмнөд эрэгт босож, Их Британийн нийслэл тэнгэрийг өөрчилсөн юм. Сүмээс санаа авч бүтээн байгуулсан энэхүү барилга нь найман өнцөгт шилэн фасаднаас бүрдэх бөгөөд хүрээлэн буй хот, тэнгэрийг янз бүрээр тусгаж, дотор нь тунгалаг харагдах байдлыг бий болгодог.

Тус барилга дотроос 40 милийн хүрээнд тольдон харах боломжтой бөгөөд бүхнийг харж болохоор оффис, орон сууц, зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээнүүдийг багтаасан ажээ.

 

PEROT MUSEUM OF NATURE AND SCIENCE

Даллас, Morphosis Architects 2012

Morphosis-г үүсгэн байгуулагч, Притцкерийн шагналт архитектор Том Мэйн тогтсон хэв маягт баригддаггүй хэмээн алдаршсан бөгөөд түүний хамгийн сүүлийн үеийн барилга нь өөр хэв маягтай байгаа нь онцгой тохиолдол биш юм. Нэхмэл бетонон хавтангаар бүрсэн, энэ таван давхар шоо дөрвөлжин хэлбэртэй барилгын нэг өнцөгт хугарсан мэт харагдана. Музейн дээд давхар луу хүргэдэг урсдаг шат нь гадагш нэвт гэрэлтдэг шилэн хаалттай бөгөөд барилгын гадна талыг бүтэн харах боломжтойгоор хийгджээ. 

Эх сурвалж: www.architecturaldigest.com