МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 5 сарын 14-нд Ховд аймагт баригдаж буй “Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж”-ын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Тус байгууламжийг нийт 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа бөгөөд барилгын ТЭЗҮ, зураг төсвийг манай компани хийж гүйцэтгэлээ. Барилга угсралтыг “Саруул цамхаг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2018 оны 10-р сараас ажлаа эхлүүлэн, 2020 оны 5 сард бүрэн ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Цэвэрлэх байгууламж нь хоногт 15003 бохир усанд механик, химийн болон биологийн цэвэршүүлэлт хийх хүчин чадалтай. Ховд аймаг жилд 22,4 мянган тн мах, 6000 тн сүү, 1,720,6 тн ноос, 617,6 тн ноолуур, 20,7 мянган ширхэг үхрийн шир, 180.0 мянган ширхэг ямааны арьс, 140.0 мянган ширхэг хонины нэхийг зах зээлд нийлүүлж байна.
Цэвэрлэх байгууламж барьснаар Ховд аймаг төдийгүй баруун аймгуудын малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх, улмаар ноос, ноолуур, өлөн гэдэс угаах, сүү, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барьж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах суурь тавигдах юм. Үүнийг дагаад орон нутагтаа үйлдвэрлэл байгуулан хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм.