Амины орон сууцны мэдээллийн төвтэй болно

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран Амины орон сууцны мэдээллийн төвийг нээхээр бэлтгэж эхэлжээ. Нээлт арванхоёрдугаар сарын 18-нд "Еco build megastrore"-ийн гурван давхарт болох аж.

Тус төв нь гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлагад нийцсэн, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулсан, дэвшилтэт технологи бүхий нэг айлын орон сууцны зураг төсөл, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үйлдвэрлэл, барилга угсралттай холбоотой цогц мэдээллийг нэг цонхны үйлчилгээгээр авах болон иргэд өөрсдөө хямд үнээр амины орон сууц барих, ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, эдгээр цогц мэдээлэл, үйлчилгээг иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилготой юм. 

Тодруулбал,

-Төрийн болон төрийн бус байгууллага,

- Сэргээгдэх эрчим хүч,

- Эрчим хүчний хэмнэлттэй барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид,

- Инновацлаг өрөгт бүтээц дүүргэлтийн материалууд,

- Эрчим хүчний хэмнэлттэй халаалт, агааржуулалтын системүүд,

- Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн багц,

- Бохир ус, цэвэрлэх байгууламж,

- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгч нар,

- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл,

- Ногоон амины орон сууцны мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл,

- Банк санхүүгийн байгууллагууд зэрэг олон талын оролцогчид нэг дороос иргэд олон нийтэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ.

Эх сурвалж: Амины орон сууцны инновац хөгжлийн төв