Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, түгээмэл хэрэглэгддэг Их Британийн “BREEАM”, АНУ-ын “LEED”, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “EDGE” зэрэг үнэлгээний системүүдийг судалж харьцуулан, манай орны байгаль цаг уурын онцлогт тохирсон ногоон барилгын “BestGER” үнэлгээний системийг боловсруулж дууслаа.
Уг зэрэглэл нь хоёр шатлалтай. “BestGER” хялбаршуулсан зэрэглэл нь Барилгын тухай хуулийн 10.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл шаардлагагүй, амины орон сууц, барилгуудад зориулсан хялбаршуулсан хувилбар буюу хоёр бүлэгтэй, 12 шалгуур үзүүлэлттэй. Харин “BestGER” дэлгэрэнгүй зэрэглэл нь илүү өргөн хүрээтэй, зургаан бүлэг, 32 шалгуур үзүүлэлттэй. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн төвөгшил, ангилалын хүрээнд орон сууц, хороолол, үйлдвэрлэлийн барилга, худалдаа үйлчилгээний олон төрлийн зориулалтын барилга байгууламжийн ногоон эсэхийг үнэлэхэд зориулсан дэлгэрэнгүй шатлал юм.
Ногоон барилгын үнэлгээний систем батлагдсанаар Монгол Улс өөрийн гэсэн дотоод орчны агаарын хувьд чанартай, эрчим хүч, ус болон бусад байгалийн баялагт хэмнэлттэй үндсэн үзүүлэлттэй болж байна. Ингэснээр ногоон барилгын үзүүлэлтийг хангаж баригдсан барилга байшинд амьдарч байгаа хүмүүсийн орчин нөхцөл сайжирч, хүрээлэн буй орчин илүү цэвэрхэн болж, бохирдол багасна.
Нөгөө талаар ажлын бүтээмж өндөрсөх юм. Жишээ дурдахад эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгад амьдарч байгаа хүн хөлсгүй хөдөлмөрт зориулдаг цагаа 90 хувь хэмнэдэг гэсэн судалгаа байдаг.
Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар монгол эмэгтэйчүүд 4 цаг 50 минутыг хөлсгүй хөдөлмөрт зориулдаг бол үүнийг 90 хувь хэмнэх ажээ. Өөрөөр хэлбэл, гал түлэхийн тулд нүүрс, түлээ, үнс цэвэрлэн цаг алдахгүй болж, тэр хугацааг өөртөө зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх, мөн баялаг бүтээх, орлого олох, эсвэл амрах боломж нээгдэнэ гэсэн үг юм.
Ногоон барилга гэдэг нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүч бага шингээсэн материал ашигласан, эрчим хүчний хэмнэлттэй, цэвэр усны хэмнэлттэй, саарал усыг хэрэглэдэг зэргээс гадна оршин суугчдад тав тухтай орчныг бүрдүүлсэн, хүртээмжтэй, дотоод агаарын чанар сайн, газар хөдлөлт, галд тэсвэртэй бат бэх байх гэхчилэн олон талт асуудал багтаасан барилга байгууламж юм. Өнөөдөр манай улсад утаа, хөрс, орчны бохирдол ноцтой түвшинд хүрсний зэрэгцээ, олон амины орон сууц, барилгад цууралт үүсэж, эдийн засгийн эргэлтэнд орохгүй зогсонги хөрөнгө ихээхэн хэмжээгээр бий болсон байгаа нь ногоон барилгын хэрэгцээ шаардлага нэн өндөр байгааг илтгэж байна.
Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв