Цахилгаан эрчим хүчний үнийг гурван шатлалтайгаар нэмлээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, дараах байдлаар мөрдүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд  216 төгрөг байгааг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэжээ.

Ингэхдээ хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлсэн байна. Тодруулбал,

  • Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр,
  • 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр,
  • 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцох аж.

Өөрөөр хэлбэл, иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1 кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орох юм. 

Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг. 

Одоо мөрдөгдөж байгаа цахилгааны өдөр ба шөнийн цагийн 2 тариф дээр оройн “оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлж байна. Хэрэглэгч айл өрх энэхүү цагийн ялгаварт 3 тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө

Гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээрээ үргэлжилнэ. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөгдөнө. Аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг дунджаар 30 хувиар өөрчилсөн.

Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба 1 сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгийн өөрчлөлт орж 52,107 төгрөг болох юм.

Дашрамд сануулахад, айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн байна.